0

Өсч буй Монгол, буурч буй Европ

10,5. Энэ тоо бол Монголын эдийн засгийн өсөлтийн хэмжээ. Өөрөөр хэлбэл, энэ оны гуравдугаар улирлын байдлаар ийм хэмжээний өсөлт гаргажээ. Монголын эдийн засаг 16,5 хувиар өсч дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан үеийнхтэй харьцуулбал бага мэт харагдах ч евро бүсийн зарим орнуудыг бодвол манай эдийн засаг өссөөр байгаа гэдгийг санах нь зүй ёсны хэрэг. "Монгол Улсын эдийн засаг дэлхийн бусад орнуудаас харьцангуй илүү төвшинд явж байгаа. Гэхдээ үүнийг төр нь ухаалаг бодлогоор зохицуулах ёстой” гэж Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Ханек ярьсан юм.

"Буурал” тивийн хямрал

Газар зүйн байрлалыг жаахан урагшлуулаад Европ тивд очье. Буурал Европт энэ жил эдийн засаг 0,1 гэсэн үзүүлэлтийг гаргажээ. Грек тэргүүтэй гурван ч улсад эдийн засгийн байдал нь хүндрээд байгаа. Грекийн хямралыг ойрын жилүүдэд арилахааргүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Харин Европын хамгийн том эдийн засгийн нэг Испани улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн нь энэ бүс нутгийн эдийн засагт сөргөөр нөлөөлсөн байж болох талтай. Ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг энэ жилийн өссөн хэмжээгээр нь аваад үзэх юм бол 1 хувьд хүрнэ гэсэн судалгаа гарчээ. Евро бүсийн хямралыг дэлхийн ихэнх мэргэжилтнүүд 2013 онд ч үргэлжлэх бөгөөд эрч нь сулрах төлөв ажиглагдахгүй гэдгийг баталж байна. Харин үүнийг бууруулахын тулд хэрхэх вэ гэдэг нь дэлхий нийтийн анхаарлыг татаад буй.  Ирэх жилд хэрвээ зөв бодлого хэрэгжүүлбэл Португаль улсын эдийн засаг сэргэх төлөв ажиглагдаж байна.

Азийн сэргэлт

Азийн эдийн засгийн акулууд бол мэдээж Энэтхэг, Хятад. Хүн амын хувьд ч, эдийн засгийн өсөлтийн хэмжээгээр ч Европ тивээс хамаагүй илүү байгаа энэ хоёр улс хүссэн хүсээгүй шар тивийн эдийн засгийг тодорхойлоод эхэлсэн. 2012 онд Хятадын эдийн засгийн өсөлт харьцангуй удаан байсан гэхэд болно. Өнгөрч буй жилийн тухайд Хятадын эдийн засаг 7,7 хувиийг заасан нь 2011 оныхоос хоёр гаруй хувиар буурсан үзүүлэлт юм. Энэтхэгийн эдийн засаг ч мөн тооны үзүүлэлттэй гарсан байна. Дэлхийн тэргүүлэх эдийн засагчдын мэдээлж байгаагаар цаашдаа ч азийн орнуудын эдийн засаг тодорхой хэмжээгээр өсөх аж. Зарим судлаачдын мэдээлж байгаагаар таван жилийн дараа Хятадын эдийн засаг АНУ-ын эдийн засгийг давж гарна гэдгийг баталж байна.

Хадан хясаан дээрх АНУ

Үүнийг санхүүгийн хадан хясаа гэж нэрлэх нь бий. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын өрийн хямралыг ийнхүү зүйрлүүлж хэлсэн нь энэ. АНУ-ын эдийн засаг 2012 онд 2,1 хувийг заасан нь 2011 оныхоос дээрдсэн үзүүлэлт. 2008 оны эдийн засгийн хямралаас хойш АНУ-ын эдийн засаг тогтмол буурах үзүүлэлт зааж байгаа бөгөөд байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд ч үүнд нөлөөлж байгаа гэдгийг санахад илүүдэхгүй. Дээрээс нь толгой өвтгөсөн нэг асуудал байгаа нь ажилгүйдлийн хэмжээ найм гаруй хувиар өсчээ. Тиймээс үүнийг бууруулахын тулд дэлхийн бусад орнуудад тэр бүр хэрэгжүүлээд байдаггүй нэгэн аргыг Холбооны нөөцийн банк хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ нь ажилгүйдлийн хэмжээнд уялдуулан мөнгөний бодлого баримтлах. Үүнийг дэлхийн олон эдийн засагчид гайхан хүлээн авсан ч эсрэгээрээ амжилт дагуулж болохыг ч үгүйсгэхгүй байгаа аж.

Дээрх улсуудыг бодвол манай эдийн засгийн өсөлт харьцангуй илүү байгаа. Гэхдээ анхаарах хэд хэдэн зүйлс бий. Үүний нэг нь зорилго чиглэл нь тодорхойгүй Хөгжлийн банк. Томоохон төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт олгохоор байгуулсан энэ банкны ойлгомжгүй байдал нь эдийн засагт дарамт учруулах аж. Өөрөөр хэлбэл төсвөөс гадуурх зарцуулалт нь томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг гацааснаар, үндсэн чиглэл нь алдагдах юм байна.

Гэхдээ сануулах бас нэг зүйл бий. Эдийн засаг огцом өсөлттэй байгаа ч манай улсын нийт өрийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэж байгаа явдал.

                                                                                                                                     Б.БОЛОРСҮХ


Related Posts Plugin for WordPress, Blogger...
Ангилал: Үүлс: 

Мэдээ хүлээн авах

Энэ мэдээг түгээх

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэлтэй "Өсч буй Монгол, буурч буй Европ"

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Имэйл:
Кодыг оруул *:

© 2012-2013 Nature.mn. All rights reserved.