2

Орлого төвлөрүүлэлтээр "Эрдэнэт" тэргүүлжээ


Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Үндэсний зөвлөлийн Х хуралдаан болжээ. Энэ талаар Ерөнхий  сайдын ахлах зөвлөх Л.Гансүх сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргалж, ажлын албыг нь түүний ахлах зөвлөх тэргүүлдэг юм.

Тухайн улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмал олборлох үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд жилд хэчнээн хэмжээний татвар улсад төлсөн, Засгийн газар нь тэдгээр компаниас хэр хэмжээний татварын орлого хүлээн авснаа жил тутам тайлагнадаг зарчим олон улсын хэмжээнд 2002 оноос хэрэгжиж эхэлжээ. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга гэдэг уг үйл ажиллагаанд Монгол Улс 2006 онд нэгдэж  идэвхтэй анхдагч гишүүн болж, жил тутам тайлан гарган аудитаар хянуулдаг болсон байна.

Өмнөх жилүүдэд тухайн оны тайланг хоёр жилийн дараа гаргадаг байсан бол энэ удаа 2011 оны тайланг гаргасан нь дэвшил болжээ. Энэ удаагийн тайланг Их Британийн "Харт Нойрс” компани, "Улаанбаатар аудит” корпорац ХХК-ийн хамтарсан консорциум чанарын өндөр төвшинд хийсэнд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх талархал илэрхийллээ.

Түүний мэдээлснээр Монгол Улс 2011 онд гурван тонн алт, 573 мянган тонн зэсийн баяжмал, 21 сая тонн нүүрс, 5,7 сая тонн төмрийн хүдэр, 2,5 сая баррель газрын тос экспортложээ. Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр дангаараа 2010 онд ДНБ-ний 12 хувийг үйлдвэрлэсэн байна.

Засгийн газар 2011 онд олборлох үйлдвэрийн тэргүүлэх 200 компаниас 2,1 наяд төгрөгийн орлого хүлээж авчээ. Эдгээр компаниас хамгийн их орлого болох 546 тэрбум төгрөгийг  "Эрдэнэт” үйлдвэр төвлөрүүлжээ. Оюутолгой 406,5 тэрбум, Тавантолгой 168,9 тэрбум, МАК 149 тэрбум, Энержи ресурс 83 тэрбум, Саусгоби сэндс 66 тэрбум, Петрочайна Дачин Тамсаг 56 тэрбум, Болд төмөр Ерөө гол 40 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж удаалсан байна.

Харин хангалтгүй гэсэн үнэлгээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Баян-Өлгий, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Увс, Ховд, Дундговь, Өмнөговь аймаг авчээ. Компаниудаас "Алтан Дорнод Монгол”, "Бату Майнинг”, "Гацуурт”, "Тавантолгой”, "Ханшижир”, "ГБНБ”, "ЗөЮүЭ”, "Их хан уул”, "Эрдэнэс Тавантолгой” зэрэг компани тааруу үнэлгээтэй гарчээ.

Өнгөрсөн 2011 оны эцсийн байдлаар нийт 1841 компани ашиглалтын 1200, хайгуулын 2576 лиценз эзэмшиж байгаа аж. "Тефис майнинг” 63, "Алтан Дорнод” 35, "Монголросцветмет” 36, "Пибодивинсвей ресорсиз” 30, "Сентеррагоулд” 27, "Гобикоул энд энержи” 32, "МАК” 31, "Гацуурт” 21 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ажээ.

Ирэх жилээс Төсвийн хууль шинэчлэгдэн үйлчилж эхлэх учир олбордох үйлдвэрүүдийн хандивын хөрөнгийг зөвхөн соёл, боловсролын байгууллагад олгож: байхаар болсон байна.

                                                                                                                                           Д.ОЮУН

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Ангилал: Үүлс: 

Мэдээ хүлээн авах

Энэ мэдээг түгээх

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэлтэй "Орлого төвлөрүүлэлтээр "Эрдэнэт" тэргүүлжээ"

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Имэйл:
Кодыг оруул *:

© 2012-2013 Nature.mn. All rights reserved.